2013-03-25
Амьдрал бол кино
 ........ Найруулагч нь би гол дүр нь би ....... гэдэг шиг л амьдрал гэж өнгөт, хар цагаан, дуутай, дуугүй, адал явдалт, аймшгийн, инээдмийн, мелодрамын гээд л төрөл жанраар ангилагдах кино мэт. Онцлог нь энэ бүгд төрөл нэг л кинонд шингэсэн байдаг. Гэхдээ амьдрал кино бүр түүхийг л өгүүлдэг. 
Бага байхад өөрийнхөө амьдралын тухай кино хийлгэнэ гэж мөрөөддөгсөн. Гүээ тэгээд бодохдоо их л адал явдалтай амьдралыг туулна даа гэж боддог байсан байх. Яг л кинон дээр шиг амьдрахыг хүсч л дээ. Юри галавын цэцэрлэгээр зугаалж, Титаникийн Жектэй The Note шиг романтик амьдралаар амьдрах төлөвлөгөөтэй байсан юм шиг байгаан. Тийм амьдрал мэдээж хүмүүст сонирхолтой санагдана, тийм болохоор миний намтар яавч бест селлер болох учиртай гэж баахан горьдсон биз. Хөгжилтэй шүү.

Ойрын хэдэн жилээс ээжийн аавынхаа талаар ярьдаг ёстой л кино гэмээр үйл явдал, амьдралын замналын тухай сонсоод, өөрийн эрхгүй бахдах сэтгэл төрж, тэр хүний талаар дурсамж, дурдатгал бичиж үлдээх юмсан гэж бодогдох болсон. Өөрийн гэсэн үзэл бодолтой, хурц байрын, шударга нь дэндсэн хүн байсан гэж нутгийн хөгшчүүд ярилцдаг юм аа гээд ээжийн ярьхад нүднээ дүр нь тодрох. Маршал Чойбалсанг өнгөрөхөд: Хар тугаа өргөх нь өргөж, цагаан тугаа өргөх нь өргөцгөө гээд ил шулуун уриалж байсан /тэр үг нь хэдэн ардаас цааш тарсан бол баригдах л байсан байх/, нэлээдгүй бэлтэй, багагүй эрдэм боловсролтой, өсвөр залуу насандаа шилийн сайн эр болох гэж хээр, хангайд гарч, адуу мал хөөж явсан, халхын голын байлдаанд тулалдаж явсан, нутгийн олонд хүндлэгдсэн, арвин түүхтэй тэр хүний үр мөчир нь болохын хувь бидэнд байсныг хойчдоо мэдүүлэх нь энэ насны үүрэг мэт. 

Саяхан 90 шахам настай нэгэн өвгөний дурсамж номыг нь шивж өглөө. Яг өөрийн амьдрал гэхээсэ илүү өөрийн эцэг эх, ах дүү, нутаг усныхаа талаар эгэлгүй сайхан түүхийг хүүрнэн дурссан сайхан ном. Нэгэн удамын угсаа гарал,  садан төрлийн ээдрээ, зангилаа,  их хэлмэгдүүлэлтийн үе, ялгаварлан гадуурхах үзэл, түүхэнд мөнхөрсөн хүн, түүний сэтгэлийн гүн гуниглал гээд амьдралын аз жаргал, зовлон гуниг хосолсон түүхэн өдрүүд, дурсамжууд. Бичиж байх зарим хэсэгт, за ер нь л ихэнх хэсэгт нь өр өвдөж, нулимс унагахгүй байхын аргагүй, бахдахгүй байхын аргагүй нэлээдгүй үйл явдал. Өөрийн амьдралын замналаар үр хүүхдээ сургамжлах ухаан мэргэн өвгөд, эмгэд минь. 

Нэгэн ярилцлаганаас "Эр хүний унаж бас шатаж явсан түүх бол агуу байдаг" гэсэн утгатай өгүүлбэрийг уншаад яаг л гоё хэлж гэж бодож байснаа саналаа.  Үнэхээр ч домог үлгэр мэт яригдах, хойч үрсээ бахдуулах өвгөд, буурлуудын амьдрал түүхэн кино биш гэж үү.

Дээрх дууны бас нэг мөрт ... 
Амьдрал бол кино, нэвтэрхий толь, Ардын аман зохиол үлгэрт итгэхээ боль ... гэсэн байна лээ.  Тэр Ардын аман зохиол, үлгэр, домог бүгд л цагтаа гол дүртэй, кинонууд байсныг ойлгодоггүй, орчин үеийн америк стилтэй бидний залуус аа гэж. 

Волт Диснэйн хүүхэлдэй, Холливуудын киногоор амьдралыг төсөөлдөг үе надад ч бас байсныг үгүйсгэхгүй. Гэвчиг мэлхий шагайгаар наадаж, морь унаж, хурга ишигний араас гүйж харайж байсан хүүхэд насны бага ч гэсэн хором мөч, дурсамж бүр сэтгэлийн ойр орших нэгэн хөг болохыг өдөр ирэх бүр ухаарах шиг. 

Амьдрал өөрөө кино нь үнэн болохыг ийн батлав.  2013.03.25
  
Бичсэн: Zurai | цаг: 12:57 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax