2013-09-11
Ардын дуу
Ардын дуу юу?
Сонсоод байхад гоё ш дээ. Намбалаг, бас бүрэг, сэтгэлийн учгийг илэрхийлэх аялгуу сайхан дуунууд. Аялгуу гэж чухам юу юм бэ? Сэтгэлийг амирлуулагч гэх юм уу даа. Хоолой муутай ч гэлээ сэнгэнэтэл сайхан дуулах ч бас сайхан шүү. Ялангуяа хөдөө хээр хоолойн чадлаар, сэтгэлийн дэнгээр уянгалуулах ч мөн таатай даа гэж.

Жаахан байхад Халтар ахын дуулдаг байсан нь дурсамж болон сэтгэлд хоногшиж дээ. Сайхан хоолойтой, уртын дууг уянгалуулж өгнө дөө. Одоо ч муу ахын минь тэргүүнд буурал сууж дээ. Ингээд бодсон чинь бас эгчийн дуулж байсан санаанд буух юм. Ах эгч хоёр хэзээ хойно хижээл насандаа учирсан хосууд л даа. Анх Хар сарнай гэдэг хочийг сонсоод инээд хүрдэг байж билээ. Эгчийн залуу цагийн хоч юм гэнэ. Яахав хөдөө говийн хөрслөг бор бүсгүй, өнгө зүс, бие хаа тэгш сайхан нэгэн явсан байх.

Миний ойноос нэг л дурсамж ер гардаггүй юм. Лав л 8, 9 настай л байсан байх. Хөдөө ахынд очоод, худгийн тэрүүхэнд тоглож байтал өмнөөс нэг  нимгэн хөх хүзүүний алчуураа гартаа намируулсан, өндөөр гоё эгч амандаа дуу аялаад ирж яваа харагдахад би гүйж очоод Хар сарнай эгч ээ гээд л баясгалантай нь аргагүй мэндлэх аядахад эгч өөдөөс инээмсэглээд өнгөрч байсансан. Тэр л сайхан инээмсэглэл, дуу хоолой, дүр төрх сэтгэлд минь тодоос тод үлдэж.
Одоо харин эгчийн минь үсэнд мөн будан сууж, амьдралын үнэнд нүднийх нь оч бууж дээ. 



Бичсэн: Zurai | цаг: 12:30 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
 
xaax